Танилцуулга

Тус сайт нь үнэ төлбөргүй блог, хувийн вэбсайтын үйлчилгээ үзүүлэгч сайт юм. Анхны Монгол хэл дээрх блог түгээгч платформ болов уу.
Анх blog.dusal.net нэртэйгээр 2006 оны 1-р сарын 6-нд анх нээгдсэн ба 2006 оны 7 сараас blogmn.net нэртэйгээр 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2020 оноос coo.mn нэртэйгээр үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Нээлттэй, чөлөөт мэдээллийн хэрэгсэл нь ардчилал, эрх чөлөөт байдлын тулгуур багануудын нэг тул жирийн иргэн хүнд ч үнэ төлбөргүй мэдээллийн хэрэгсэлтэй болох боломжийг нээж өгөх, цензургүй бодит мэдээллийн хэрэгсэлтэй болох, мөн мэдлэг мэдээллээ солилцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр бий болгохоор зориглон dusal.net веб сайтын зүгээс blog.dusal.net нэртэйгээр энэхүү сайтаа анх нээж, хөгжүүлж эхэлсэн билээ.
Одоо ч бид энэхүү зорилго зарчмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах, Монгол улсын болоод олон улсын хууль дүрмийн дагуу, ёс суртахууны хэм хэмжээг баримтлан сайтаа эрхлэн явуулахыг, агуулга, оруулж буй мэдээллүүдэд тодорхой хэмжээнд хяналт тавихыг хичээдэг. "Цензургүй" гэдэг үгийг хууль зөрчинө гэсэн үг гэж бид боддоггүй. Тиймээс бид энэ талаар үйлчилгээний нөхцөл тохиролцоо хийдэг ба, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Магадгүй зарим цөөн тохиолдолд Монгол улсад ашигтай гэж үзвэл бид үйлчилгээний нөхцөл зөрчсөн блогуудыг хориглохгүй үргэлжлүүлэн хөтлүүлэх, зарим блогийг тухайн үед нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулан хориглох боломжтой. Гэсэн ч бусад олон Монгол болоод гадаад сайтууд байдаг тул манайх дээр байрлах боломжгүй блогоо ч өөр сайт руу нүүлгэж зөөх боломжуудыг ч бид олгодог.

Уг сайтыг анх сайн дураараа нэгдсэн оюутан залуус үүсгэсэн ба энэхүү сайт нь өөрөө бизнесийн зорилготой бус, ямар нэгэн ашиг олдоггүй тул зарим нэгэн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл ажиллаж ирлээ.

Манай сайт нь улс төр, шашины болоод өөр ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хамаардаггүй бөгөөд аль болох иймэрхүү хамаарлаас хол байх үүднээс сервер болоод эдийн засгийн хувьд бусдаас дэмжлэг авалгүй одоог хүртэл бидний өөрсдийн дотоод боломждоо тулгуурлан ажиллаж ирсэн тул санхүүгийн болоод, техникийн тал дээр зарим нэг асуудалтай тулгарч байсан, одоо ч зарим нэгэн асуудалтай байдаг. Гэхдээ бид бууж өгөхгүй бүх чадах чинээгээрээ хичээн ажиллах болно.

Сайт маань нээгдсэнээс хойш блог бичдэг залуус хоорондоо танилцан нүүр нүүрээ хараагүй ч хоорондоо интернетээр холбогдон "Амьдрах хүслэн", "Монгол хүүхэд" зэрэг сайн дурын хөдөлгөөн, санаачилгуудыг өрнүүлэн хүмүүст тусалж, хоорондоо найзлан холбогдож сайн сайхан зүйл хийж байгаад сайтын удирдагч админы зүгээс маш их баяртай байдаг.

Бидний талаар илүү ихийг мэдэх, асууж  лавлах зүйл танд байгаа бол манай мэйл хаяг, блогийн маань сэтгэгдлийн талбараар харилцаж болно.
Мөн та техникийн боломжийн хувьд эрх чөлөөтэй, олон боломжийг агуулсан, чөлөөтэй, боломжийн тохилог манай сайт дээр блогоо нээн хөтлөхийг бид урьж байна.